06/12/2025
Энэ залууг зүгээр шүтэх биш, зүгтэй шүтнэ ээ. Уурхайн ажилд 14 хоног гүрийтэл зүтгэж, 24/7 гардаг хэрнээ бэлтгэлээ тасалдаггүй бүрэн монгол занд нь мэхиймээр санагдаж байна. Бүтэн 11 жилийн дараа, өөрийн багш Ж.Нарантунгалагийн 2014 онд Монголдоо авчирч байсан ONE Championship холбооны аваргын бүсийн эзэн болж, Азийн тэнгэр дор Монголынхоо далбааг мандуулахдаа багшийгаа дээдлэн хүндэтгэж байгааг нь хараад ахас ихэсдээ залбирдаг бүтэн монгол араншинг нь сүслэн харлаа. Голт чанартай, галт зүрхтэй, тэвчээрийн тэнгэр өргөж, тэнхлэгийн бөөрийг түшиж явдаг жинхэнэ монгол эр хүний хэв шинжийг нь биширлээ, баярлалаа, Энх-Оргил оо, чи үнэхээр чадлаа, үүнээс илүү Монголыг дархлана гэж юу байх билээ. 53.8 сая дагагчтай холимог тулааны ONE Championship пэйж нь хүртэл " Daichid morindoo" гэж монгол хэлээр бичлээ шүү дээ...дэлхий даяар трэнд үг нэмэгдлээ, Daichid morindoo...Баатархүүгийн Энх-Оргил...ээж нь сувилагч, аав нь тээврийн жолооч, ах дүү гурвуулаа, Ховд аймагт төрж өссөн, удахгүй 12 сарын 30-нд 37 насныхаа төрсөн өдрийг угтана. Анхны тэмцээндээ орохоор улсынхаа нийслэлийг зорих үед ээж нь цалингийн зээл авч, замын зардлаар дэмжиж байжээ. Мэргэжлийн тулааны аваргын бүсийн эзэн тэрээр нийт 14 тулаанд орж, 11-т нь ийнхүү ялалт байгууллаа. Төмөр мэт биетэй, төрсөн мэт шандастай...өөрийгөө бүтээж чаджээ, үүндээ амьдралынхаа 16 жилийг зориулжээ...гайхалтай...