30/07/2026
МАШИН УНАХ НЬ УЛАМ Л ҮНЭТЭЙ, БАС ХҮНДРЭЛТЭЙ БОЛЖ БАЙНА...
Сүүлийн өдрүүдэд жолооч нарын бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн, дараалсан хэд хэдэн таагүй мэдээ ар араасаа гарч байна:
1. Шатахууны хомсдол ба дараалал:
УИХ-ын гишүүн Э.Болормаа цахим хуудастаа "3 колонк дээр очиход бензин байхгүй, 1 цаг оочерлож байж АИ-92 авлаа. Зарим газар 92 дууссан, АИ-95-ыг хязгаарлалттай өгч байна" хэмээн нийтэлсэн нь бодит байдлыг илтгэв.
2. ШТС-уудын албан ёсны мэдэгдэл:
"Сод Монгол Групп" зэрэг импортлогчдын зүгээс "ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроны халдлага гарсны улмаас экспортын нийлүүлэлт буурч, Монголд нийлүүлэгдэх шатахуун түр хугацаанд багасаж байна" гэх тайлбарыг өглөө.
3. Дугаарын хязгаарлалт буцаад ирлээ:
Нийслэлийн удирдлагаас 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг хүртэл автомашиныг ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаснаа зарлав.
Энэ бүхний цаана иргэдийн бухимдаж буй гол асуудлууд:
* Эрсдэлийн менежмент хаана байна вэ?
Салбарын яамнаас "Иргэд зун их явснаас болоод 1 сарын дотор 4 сарынхаа хэрэглээг хэрэглэчихлээ" гэх маягийн тайлбар хийдэг. Гэтэл дата тооцоолол хийж, стратеги нөөцөө бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх нь Төрийн гол үүрэг биш гэж үү? ОХУ-ын нөхцөл байдал эрсдэлтэй байгааг харсаар байж яагаад импортын эх үүсвэрээ олон талт болгох тал дээр бодитой ажил хийгддэггүй вэ?
* Татвар, хураамж нэмэгдсэн ч үйлчилгээ, зам нь муу хэвээр:
Зам ашигласны хураамж болон бусад татвар, хураамжийг шат дараалан нэмсэн. Гэтэл чанартай зам ч алга, бензин нь ч олдохгүй, олдсон ч үнэ нь тэнгэрт хадаж, дээрээс нь долоо хоногийн талд нь машинаа унах эрхийг нь хязгаарлахаар иргэд яаж амьдрах вэ?
* Түгжрэл дунд мөнгөө урсгасаар байх уу?
Бензин хайж колонк хэсэж цагаа үрнэ, оочерлож зогсоно, олдвол өндөр үнээр авна, тэгээд түгжрэл дундаа шатаагаад дуусгана.
Засгийн газар болон нийслэлийн эрх баригчид асуудлыг бодитоор шийдэхийн оронд хааж боох, иргэдийн хэрэглээ рүү бурууг чихэх замаар ажилласаар байх уу?
Та энэ шийдвэрүүд болон шатахууны хомсдолын талаар ямар бодолтой байна вэ?