27/05/2021
БАРУУН ХЯЗГААР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ИРГЭД СОНГОГЧИДТОЙ УУЛЗЛАА
Би орон нутгийн иргэдэд ийм л зүйлийг хэлж яваа. Өнөөдөр бидний байдал ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Бид өр тавьж, хүүхдүүдийнхээ мөнгөөр амьдарч байна. Гэхдээ төлөх өрийг нь хүүхдүүд дээрээ бичиж байна. Ахмад үе, дунд үе халамж аваад баярлаж байна. Гэвч өрөө хүүхдүүд дээрээ бичиж байгаагаа ярихгүй байна.
ХХI зууны монголчууд халамж хүлээж биш дэлхийтэй өрсөлдөж амьдрахаас өөр аргагүй болсон. Орос, Хятад, Солонгосоос дутахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, ЧАДАХААС өөр арга байхгүй. Дараагийн 30 жилд өнгөрсөн 30 жил шиг чадахгүй байх эрх байхгүй.
Байгалийн баялаг хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ архичин хүнд хичнээн их мөнгө байгаад нэмэргүй байдагтай адил мэдлэг чадваргүй, гол нь зорилго мөрөөдөлгүй бол бидэнд хичнээн их мөнгө байгаад ямар ч нэмэргүй.
Харин Ерөнхийлөгч ард түмнээ мөрөөдөлд манлайлах ёстой. Өнөөдөр манай залуучуудад мөнгөөр биш мөрөөдлөөр дутаж байгаа. Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой гэдэг. Тэгвэл эв нэгдэл гэж юу вэ? Бүгд бие биедээ хайр зарлах нь эв нэгдлийн нэр биш юм. Харин цөмөөрөө нэг зүгт харсан мөрөөдөлтэй байсан үед эв нэгдэлтэй байдаг. Мөрөөдөл бүдэг байхад залуучуудаа ирээдүйдээ итгэл муутай болдог.
Дараа нь энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд нийтээрээ дагаж мөрдөх дүрэм буюу хуульт ёс, итгэл үнэмшил, соёлтой байх ёстой. Өнөөдөр дүрмээ бариагүйгээс болж маш олон асуудал гардаг.
Гурав дахь чухал хүчин зүйл бол хүн бүрийн оролцоо. Монголын хөгжлийг 76 гишүүн хийхгүй. Халамж аваад хөгжихгүй. Хүн бүр өөрийн ажлаа хийж, өөрийн гэр бүлээ, компаниа сайжруулж байж, хүн бүр оролцож байж Монголын хөгжлийг хийнэ. Монголын Ерөнхий сайд байсан Данзан гуай “Бүгдээрээ баяжигтун” гэж хэлсэн нь яг үнэндээ бүгдээрээ оролц гэсэн үг.
Хүн бүр тус тусын ажлаа сайн хийж чадна. Малчид малаа хэрхэн хариулахаа хэнээс ч илүү мэднэ, инженерүүд, багш нар бүгд юу хийхээ мэднэ. БҮГД ЧАДНА. Гэхдээ яагаад бид яг одоо сайхан амьдарч чадахгүй байна вэ? Бид чадна гэдгээ мэдэхгүй байгаад л асуудлын гол оршиж байна. Монголд ажил хийж чадах олон хүн бий. Гэтэл зөвхөн намынхаа хүнийг ажиллуулдагаас ажил нурдаг. ТИЙМЭЭС БИД ЧАДНА ГЭДЭГТЭЭ ИТГЭХ ХЭРЭГТЭЙ
Дангаасүрэнгийн ЭНХБАТ | #МонголЧадна