07/09/2021
ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛЫГ ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛЖ БАЙНА
Манай улс экспортын орлогоос эдийн засгийн хамааралтай учраас цар тахлын сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой ажлуудыг жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, УУХҮЯ-ны зүгээс 2020 оны 11 дүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэгт тээврийн терминал байгуулах тухай санал оруулж, мөн өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц барих асуудлыг хөндөж хэрэгжүүлсэн.
Энэ ажлууд судалгааны түвшинд хэрэгжиж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 185 дугаар тогтоол 2021 оны 7 дугаар сард гарснаар хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах шийдвэр гарч, шуурхай хэрэгжүүлэх үүргийг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд даалгасан.
Цар тахлаас үл хамаарч нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гарц нь хилийн боомтуудад Гаалийн хяналтын бүс-Чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил хэмээн үзэж, төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд яаралтай байгуулахаар болж энэ хүрээнд нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг эхлүүлсэн.
Энэхүү бүтээн байгуулалтыг “Энержи ресурс” ХХК шуурхай зохион байгуулж, мөн туслан гүйцэтгэгч 17 компанийн нийт 430 орчим хүн хоёр сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэн, хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй дээрх компаниудын нийт хамт олонд талархал илэрхийлье!
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
http://mmhi.gov.mn/public/more/id/1403