09/09/2025
2025 оны 09 сарын 09-ний өдөр Монгол улсын өнөө ирээдүйн хөгжлийн гол цөм болох уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр илүү өрсөлдөх чадвартай болгох шийдэл дэлхий дахинд нэгэнт тогтсон шийдэл төмөр замын тээвэр билээ.
Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хууль 2007 онд батлагдсан, энэ хуулийн дагуу Засгийн газрын 2008 оны 4-р сарын 09-ны өдрийн 134-р тогтоол гарч Монгол Улсын төмөр замын тээврийн 70 жилийн түүхэнд анхны болох төлөөлөл болох хувийн хэвшлийн төмөр замын дэд бүтцийг бид өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр цогцоор барьж байгуулан өнөөг хүртэл амжилттай тасралтгүй ажиллаж байгаа түүх хувь хүн надтай, манай компанийн ажилсаг хичээнгүй хамт олон, төмөр замчидтай маань салшгүй холбоотой.
Ийнхүү бидний бүтээн байгуулалт АНХ УДАА хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замын суурь бүтэц болж Монгол улсын түүхэнд бичигдсэн. Ийнхүү Засгийн газрын 2008 оны 134-р тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Шаамар, Жавхлант, Ерөө сумдын нутгаар дайран өнгөрөх гол зам нь 98км төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах ажил 2008-05-15-нд эхлүүлж бүтээн байгуулалтыг харьцангүй богино буюу нэг жил 6 сарын дотор өөрсдийн хүч, хөрөнгөөр барьж байгуулан 2009-09-09-нд энэ шинэ “Баянголын төмөр зам” оноосон төмөр замаар анхны ачааны галт тэргээ явуулж байсан нь саяхан мэт боловч энэ өдрөөс хойш 16 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ төмөр замаар тухайн бүс нутагт байрладаг төрийн болон хувийн өмчийн компани, аж ахуйн нэгжүүд орон нутгийн байгууллагын уул уурхай, газар тариалангийн салбарын экспорт, импорт болон дотоодын ачаа тээврийн ажил тасралтгүй хийгдэж, тээврийн тасралтгүй, аюулгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
“Баянгол төмөр зам” оноосон нэртэй төмөр замын хамт олон одоогоор 460 гаруй ажилтантай жилийн 365 хоног тасралтгүй тээврийн үйл ажиллагаагаа явуулж улсынхаа төмөр замын салбарын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулан шаргуу хөдөлмөрлөж байна. Компанийн хамт олон, төмөр замчиддаа сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөж байна.
Гал тэрэг нь хурдалж,
Ган зам нь зурайж байх болтугай